... тас харанхуй шөнө ... дээшээ хараад хэвтэхээр тэнгэр ямар гоё харагддаг билээ ... Түг түмэн одод гялалзаад л, жирвэлзээд л ... дундуур нь тэнгэрийн заадас цайран харагдана ... тэр ч бас л сая сая одод шүү дээ гэж бодохоор нэг л гайхалтай ... Долоон бурхан, алтан гадас ... цаашлаад хүн таван од ... ингээд оддын талаарх мэдлэг дуусаа ... тэртээд гэрэлтэгч бяцхан цэг ... нэг нэгээр нь харвал хичнээн үзэсгэлэнтэй, тэд над руу харж аальгүйтэн ирмэнэ, зарим нь ууртай ширвэнэ ... тэд бүгд ярьж чаддаг юм байна ... бүр зарим нь нааш ирээч гэж гуйх ... гэвч би тэнд хэзээ ч хүрч чадахгүйгээ мэднэ ... бас хүсэхгүй ... эндээс тэдгээр оддыг бахдан бишрэн харж, тэдний юу хэлээд байгааг ойлгож чадна ... гэтэл гэнэт харанхуйн тэнгэрийг зүсэн од харвах нь тэр ... хоромхон хугацаанд харанхуй тэнгэрийг зуран гуа үзэсгэлэнгээ гайхуулаад алга болов ... одод алмайран гайхав ... Зарим нь бүр гунигт автлаа ... саяных юу вэ? ямар гайхалтай үзэсгэлэнтэй юм бэ? гээд л бахдан ярьцгаав? Зарим харж амжаагүй одод бусдыгаа шуугилдахад сандралдан юу байсан бэ? ямар гайхамшиг болов? гэж надаас асуув ...
-Та нар хараагүй гэж үү?
-Үгүй э бид өөр тийш харж байсан юм.
-Азгүй л байна даа. Ийм гайхамшиг дахиад хэзээ болохыг би мэдэхгүй юм. гэж хэлээд би дуугүй болов.
-Чи хэлээч дээ. Яриад өгөөч ... тэр үнэхээр гайхамшигтай юу? чи харсан уу? түүний гуа үзэсгэлэн ямар юм бэ? гэлцэн шуугилдаж зарим нь бүр уурлаж эхлэв.
Хариуд нь би зүгээр л долоовор хуруугаа уруулдаа хүргээд инээмсэглэв ...
Comments
Post a Comment